Хүн
Хүн буюу Бид номонд тодорхойлсноор хүнийг ухааан ухамсар хоёын нэгдэл хэмээдэг. Өөрөөр хэлбэл УХААН+УХАМСАР=ХҮН. Амь бүхий физикль биетэй болон биегүй хэлбэрээр орших нь чухал бус, сэтгэдэг ОЮУН УХААНТАЙ дээр нь Оршихуйн өгөгдөл болох ЁС ЗҮЙТ УХАМСАРТАЙ байх нь хүний үндсэн шинж чанарыг илэрхийлэх хамгийн гол тодорхойлолт юм.
Шинэ ухамсар:
Сэрсэн хүмүүсийн ухамсар Сэрээгүй хүнийхээс өөр болсон байдаг. Энгийн хүмүүсийн дадаж хэвшсэн одоогийн ухамсраас тэс өөр шинэ өнцгөөс харж сэтгэдэг, Шинэ ухамсраар амьдарч эхэлсэн хүмүүсийн ухамсрын төлөвийг нэрлэсэн нэр.
Сэрэнги үзэл санаа:
Номын бүлхэмийн зүгээс СЭРЭНГИ үзэл санаа гэх цоо шинэ үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд энэ үзэл санааны гол онцлог нь хүмүүс ухаан ухамсар хоёроо эн тэнцүүхэн хөгжүүлж ашиглах тухай байдаг. Ухаан ухамсар хоёр бол тэс өөр ухагдахуунууд. Ухаан зөвхөн тархитай хамааралтай мэдлэг туршлагуудын цуглуулга бөгөөд зөвхөн Амьдрахуйд л бий болдог. Харин Ухамсар гэдэг нь бидний Язгуур сүнсэнд тээгдэн ирдэг хүмүүний дотоод сэрэхүйд хамаарагдах мэдрэмжүүд юм. Эдгээр мэдрэмжүүд ухаанаас үл хамаарах өөрсдийн илэрхийлэмжүүдтэй. Цаад утгаараа хүмүүс бидний хийж үйлдэж үл болох бүхий л БОЛОХГҮЙ гэх муу муухай сэдэл санаанууд бидний ухамсарт анхнаасаа л болохгүйг-ээрээ кодлогдон ирсэн байдаг. Энэ дарагдаж кодлогдсон өгөглүүдийг ил болгон, мөрдөж амьдрах тухай уриалга санаачлагыг Сэрэнги үзэл санаа гэнэ.
Ёс зүйт дотоод ухамсар:
Хүний тархинд үүсэн бий болох элдэв бурангуй шийдвэрүүдээс зайлсхийн, аль болох Язгуур сүнсийг дагалдан ирсэн зохист нөлөөллүүдийг баримтлан шийдвэр гаргадаг хүмүүсийн хэм хэмжээг тодорхойлсон үг.
Хүмүүнжсэн нийгэм:
Сэрэнги хүмүүсийн үлгэр нөлөөгөөр нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөн шинэчлэгдэж, одоогийн эрхзүйт төрийн удирдлагыг халан ёс зүйт төрийн удирдлага руу шилжин орсон нийгмийг хэлнэ. Хүмүүн төрөлтний дотоодод орших ухамсарт ёс зүйг дээдлэн хөгжих ирээдүйн шинэ нийгмийн тогтолцоог загварчилсан бас түүнийг ерөнхийлөн нэрлэсэн нэр.
Амлагаа холболт:
Хандагч болохоор бүртгүүлсэн шинэ хүнийг өвөг дээдэстэй нь холбох эхний холболтыг ингэж нэрлэнэ. Энэ холболтыг номын бүлхэмийн тэргүүн хөтөч хийдэг.
Билэг тал:
Номын бүлхэмээс зохион байгуулдаг үйл ажиллагаануудыг дотор нь хоёр үндсэн хэсэгт хуваадаг бөгөөд үүний нэг нь Хандагчдад туслах билэг талын үйлүүд байдаг. Билэг талын үйлүүдэд Далд ертөнцтэй холбоотой бүхий л харилцаанууд багтана. Энэ үйлүүдийг бүлхэмийн албан ёсны Дагуулагч хөтчүүд, хөтчүүд болон домч нар Тэргүүн хөтчийн удирдлага дор гүйцэтгэдэг. Энэ үйлүүдийн тухай Хандагчдаас өөр бусад хүмүүс заавал ойлгон мэдэх алба үгүй.
Арга тал:
Бүлхэмээс зохион байгуулдаг арга талын үйл ажиллагаануудыг ТББ-ын Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх захирал, мөн бүлхэмийн 10т 100тын ахлагчид хариуцан явуулдаг. Арга тал-ын үйл ажиллагаа гэдгийг энэ амьдарлын хэм хэмнэл, хууль эрхзүйн хүрээнд зохируулан, энгийн хүмүүст ойлгогдох хэмжээнд хэрэгжүүлж буй үйлүүдийг хамруулж ойлгоно.
Дагуулагч хөтөч:
Хүн буюу Бид?... номын талаархи үндсэн ойлголт болон түүний агуулга, дотоод суртахууны тухай мэдлэг, үлгэр хэлэмж, нөлөө хаялга, ухамсарт хүрэх холбоос болоод түүнийг нь мөрлөн хүмүүний дотоод сэрэхүйг өдөөх арга зэргийг танин мэдсэн, далд нөлөөллийн аргуудыг хэрэглэх үл хэрэглэх зөвшөөрлийн тухай ойлголтыг бүрэн ухамсарлаж ойлгосон хандагчийг сонгон Дагуулагч хөтөч-өөр томилон ажиллуулна. Томилох эрх нь зөвхөн Тэргүүн хөтчид хадгалагдана.
Сэрэнги хүмүүн:
Өөрийн ураг удмын буурлуудын нөлөө дэмийн хүчээр дотоод Язгуураа сэрээж мэдээллийн өөр эх сурвалжтай холбогдсон, хүмүүний амьдралын утга учрыг тодорхой хэмжээгээр ухаарч төлөвшсөнөөр Оршихуйн хуулийг мөрлөн амьдрах чиг шугмыг өөртөө хэвшүүлсэн зохигч хүмүүнийг ийн нэрлэнэ. Мөн энэ хэв маягаараа үлгэрлэн, олон нийтэд сэрэнги үзэл санааг түгээх, улмаар түүчээлэн дагуулах үндсэн субъект гэдгээ бүрэн ухамсарласан байх ёстой байдаг.
Язгуур сүнс:
Хүмүүнийг энэ хорвоод анхлан ирэхэд нь дагаж ирдэг амь сүнсийг ингэж нэрлэдэг. Энэ сүнс хүний цээжний хөндийд биет бус хэлбэрээр байрших ба хүний дотоод сэтгэлийг илэрхийлэн оршдог. Энэ сүнсийг ихэнхи хэлэнд Дотор хүн хэмээн нэрлэсэн байдаг.
Тусгай эрх бүхий Хөтөч буурал:
Номын бүлхэмийн Дагуулагч хөтчүүд энгийн хандагчдын дотоод хамаарлын бүс рүү нэвтрэх эрхтэй байдаг ба үүтгэлийн эх голомтоос томилсон тусгай эрхтэй буурлууд энэ эрхийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл бусдын дотоод хамаарлын бүс рүү нэвтрэх эрхтэй тэдгээр буурлууд нь тухайн Дагуулагч хөтчийн өөрийнх нь ураг удмын бус гаднаас томилогдсон буурлууд байдаг.
Хөтөч:
Туулсан туулал туршлага болон хувь өгөгдөл боловсролыг хэр давсан, буурлуудынхаа нөлөө хэлэмж сургааль хүмүүжлийг өөртөө хэрхэн мөрдөж буй байдал болон Оршихуйн хуулийн загварчилгаа болох хайр нигүүсэл, хүнлэг сэтгэлийнх нь өсөлт тэнцлийг нь үндэслэн дагуулагч хөтчүүдийг Хөтөч дэс рүү дэвшүүлэх боломжтой. Энэ эрх бүх дагуулагч хөтчүүдэд нээлттэй хадгалагдана.
Үүтгэлийн эх голомт:
Номын бүлхэмийг Далд талаас нь удирддаг өвөрмөц хүчин байдаг бөгөөд босоо удирдлагын тогтолцоот энэ бүтцийг номын бүлхэмийн хүрээнд Үүтгэл хэмээн нэрлэдэг. Үүтгэлээс гарч буй шийдвэр шаардлагын дагуу бүлхэмийн бүх үйлүүд явагддаг ба эдгээрийг хянан чиглүүлдэг буурлуудыг томилогдсон буурлууд гэж нэрлэдэг.
Чиглүүлэгч хөтөч:
Хүн буюу Бид номын утгыг бүрэн ойлгож ухсан, номын нөлөө хаялгыг өөрийн сүнсээр мэдэрсэн, тэрчлэн дотоод агуулга болон ерөнхий санаануудыг нь жижгээс нь том хүртэл нь бүрэн мэддэг болсон хандагчийг бүлхэмийн Чиглүүлэгч хөтөч-өөр томилон ажиллуулна. Чиглүүлэгч хөтчийн ажиллах хүрээ нь Хүн буюу Бид номын уншигчдын бүлхэм болон www.serengy.net дотор багтах уг номыг уншсан хүмүүсийн бүлхэм байна. Тэрчлэн ном уншаагүй хүмүүсийг ятгах, тэдэнд нөлөөлөх гэж оролдох, номын тухай эерэг сөрөг ямар нэг зүйл ярих тэрчлэн номын дотоод нууцуудыг дэлгэх зэрэг хориглосон журмуудыг мөрдөх болон мөрдүүлэх нь Чиглүүлэгч хөтчүүдийн үүрэгт багтана.
Сэрэнги медиа:
Номын бүлхэмээс тохоон томилсон хандагчид. Гүйцэтгэх үндсэн үүрэг нь хүмүүст номын тухай үнэн зөв ойлголт өгөх, номоо танилцуулсан медиа контентууд бэлдэх мөн уншигчаас хандагч болох хүсэлтэй хүмүүсийг бэлдэх.
Хүн буюу Бид НҮТББайгуулга:
нь анх 2021 онд Хүн буюу Бид номонд агуулагдах шинэ үзэл санаан дор нэгдсэн хэсэг залуусын санаачлагаар байгуулагдсан бөгөөд номоо олон нийтэд сурталдан таниулах, түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготойгоос гадна Сэрэнги үзэл санааг хүн төрөлхтний оюун сэтгэхүйд түгээж, ёс зүйд тулгуурласан шинэ сэтгэхүй рүү аажмаар шилжүүлэхээр ажиллаж буй ТЭД-ний үйлсэд өөрсдийн хүч хэмээ нэгтгэн, хамтарч оролцох хүсэлтэй Монгол залуусын байгууллага юм.
ТЭД:
Амьдралын төрөл зүйлүүдийг үүсгэн зохицуулагч, Оршихуйн таацал нийцлээс асдаа орших нэгдмэл оюуны нягтаршуулсан хувилбар, бодитжуулсан ухаан хэмээн тодорхойлж болох Оршихуйн эздийн нэг хэсэг. Оршихуй дахь бүхий л амьдралын хэлбэрүүдийг удирдан хөгжүүлэгчид, засварлан сайжруулагчид бас устган мөхөөгчид.
Монгол:
Хүний үүсэл хөгжлийн бүхий л шатуудыг дамжин туулж, өөрсдийн буй болсон газартаа оршин амьдарч хэл соёл, ахуй зохил, ёс заншил, сэтгэлгээний цараа хүрээгээ цогцлоон бий болгосон нэгэн цул, нэгдмэл сэтгэхүйт оршмол үндэстнийг МОНГОЛ үндэстэн гэнэ.
Бие сүнс:
Хүний дотоод сүнс хэдий ч Язгуур сүнснээс асдаа, бие даамал оршдог оюун ухааны нэг хэлбэрийг Бие сүнс гэнэ. Энэ сүнс дэлхийн гаригийн 3 хэмжээст орон зайд физикль биеийн дотор түр оршин амьдрах хугацаандаа Оршихуйн ухааныг үл хэрэглэн, хүний үндсэн мөн чанар болох хайр энэрэл, хүнлэг сэтгэхүйг чадлаараа хөгжүүлэн өөрийн эрчимээ нэмэгдүүлэх зорилготой ирдэг. Хэр хэмжээнд ухаарах, Хүн-ий үндсэн төлөвийг өөртөө хэр суулгах, Амьдрахуйн эерэг сөрөг элдэв үйлчлэлүүдэд хэр дасан зохицох, улмаар Оршихуйгаас илгээгдсэн жинхэнэ хүний үндсэн мөн чанарыг хэрхэн ухаарч, илэрхийлж, үйлдэж амьдрснаас нь хамааран тухайн сүнсний үнэлэмж, цаашдын өсөлт хөгжилт өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, Бие сүнс Хар сүнснүүдийн нөлөө хаялга болох шунал, залхуурал, шантрал, өөрийгөө голох эсвэл хэт дөвийлгөх сэдлүүдтэй хэрхэн зохирч, өөрчлөгдөн хөгжиж байгаагаас нь шалтгаалан цаашдынх нь замнал зурагддаг.
Хар сүнс:
Оршихуйгаас хүмүүсийн тархи оюунд нөлөөлж буй бүхий л өгөгдөл мэдээллүүд дотор холилдон орж өөрт нь мэдэгдэлгүй ажиллаж байдаг сөрөг муу бодлуудыг хар сүнс гэнэ. Тэдний нөлөөллүүдээс улбаалан дэгдэх муу сэдэл муухай үйлдлүүдийг хүмүүст өөрсдөд нь анзааруулах, мэдрүүлэх, таниулах улмаар ухааруулах зэрэг үндсэн үүргүүдтэйн дээр зөвхөн ухаарлаар тооцоо хийдэг Оршихуйн зарчимд захирагдан ажилладаг. Мөн ухаарч үл чадах нэгний сүнсний эрчмийг хаахаас эхлээд хэрэгтэй гэж үзвэл өвчин зовлон үүрүүлэх, эд хөрөнгө, амь нас, ирээдүйн үрсийнх нь амьдралыг ч тооцоонд авах эрх бүхий янз бүрийн зэрэг дэстэй байдаг. Амьдрахуй хэмээх сургалтын танхимд Хар сүнс гэгч багш Ухаарал хэмээх сэдвээр хичээл заадаг, хэмээн товчхон ойлгож болно.
Гадаад хамаарлын хүрээ:
Таны ойр орчинд байдаг гэр бүл, найз нөхөд, ах дүү төрөл төрөгсөд, ажлын танилууд, нийгэм олон нийтийн нөлөөлөгчид бүгд энэ хамааралын хүрээнд багтдаг. Бие сүнс төлөвших үндсэн орчин болсон энэ хүрээн дотор л анзаарах, танин мэдэх, суралцахад хэрэг болохуйц бүхий л нөхцлүүд бүрэлдсэн байдаг. Бурлуудын болон Хар сүнснүүдийн гол нөлөө хаялга энэ хүрээгээр дамжин таны сүнсийг өөрчлөн хөгжүүлж байдаг ба ажиллах үндсэн зарчим нь хувь хүний дотоод хамаарлын бүсийнхтэй төстэй. Гэхдээ хүн хоорондын харилцаатай шууд уялдан бодол үүсгэж, мэдрэмж өдөөдөг учир илүү нийгэмшмэл болоод эрх зүйн нөлөө орсон, хувь хүний зан чанарыг илэрхийлсэн шинжтэй харилцаанууд үүсгэдэг.
Дотоод хамаарлын бүс:
Дотоод хамаарлын бүс гэдэг нь Бие сүнс-ийг төлөвшүүлэх үндсэн үүрэгтэй хувь хүний дотоод бодлын орон зай бөгөөд Оршихуйн мэдээлэл хүлээн авах гол талбар нь болдог. Тархи оюунд эргэлдэх түмэн бодлын хэлхээсээр дамжуулан Бие сүнсэнд өгөгдөл өгч түүнийг сургаж, хөгжүүлж, ухааруулж байдаг. Үндсэндээ өгөгдөл дамжуулагч олон нэгж Буурлуудын холимогшил байдаг ч тэдгээр нь тухайн хүний өөрийнх нь ураг удмынхны сүнснүүдийн хүрээллээс бүтдэг.
Нэгжлэг:
Бие сүнсний тууллаас үлдсэн дурдатгал буюу өнгөрсөн амьдралын чинь бүхий л дата-г хойноос урагш гүйлгэн харуулах аргаар тухайн хүний амьдралд тохиосон гол гол үйл явцуудын далд дахь учир шалтгаануудыг тайлбарлах, улмаар ухааруулж ойлгуулах үйл явцыг хэлнэ. Нэгжлэгийг, Тэнцвэржүүлэгч бүсэд зайлшгүй хийгддэг сүнсний тууллын шүүлт тунгаагуурыг хялбаршуулан энэ Амьдрахуйд таацуулан хэрэглэж буй хувилбар хэмээн ойлговол зохино. Амьдрахуйн утга учир, мөн чанарыг таньж мэдэхийг хичээн байгаа Бие сүнсэнд туслах зорилгоор тухайн хүний дотоод хамаарлын бүсийнхний хийж гүйцэтгэдэг шалгууруудын нэгэнд тооцогддог эл үйлийг тусгай зөвшөөрөлтэй, дэс өндөр Буурлууд гүйцэтгэдэг.
Хэц:
Хэн нэгний хийсэн муу үйлийн үр дагаврыг ирээдүйн үр удам нь заавал үүрэх далд ертөнцийн хэвшмэл хуулийг Хүн буюу Бид номд хэцлэгдэх, хэцэд зангидагдах хэмээн тайлбарласан байдаг. Товчхондоо хэц гэдэг нь Монголчуудын ярьж заншсанаар үйлийн үр юм. Хэцлэх гэдэг нь муу үйлийн үрээр нэгэнт үүссэн хэм, эрчмийг өөрсдөөр нь буюу удмын хэн нэгнээр нь заавал засуулж барагдуулах гэсэн далд утгатайгаас гадна тэрхүү муу үйлийг үйлдсэн болон үүрсэн сүнснүүдэд алдааг нь таниулах, хэмийн муу нөлөөг нь мэдрүүлэх, улмаар ухааруулж ойлгуулах замаар давтан үйлдэхгүй болгох давхар зорилготой байдаг. Ерөнхийд нь авч үзвэл энэ хууль ухаант бус ухамсарт хүмүүс буюу гариг дэлхийн жинхэнэ эздийг бий болгох үндсэн зорилготой бөгөөд энэ зорилгоо хангахын тулд бүтээсэн ТЭД-ний төгс технологиудын нэг нь юм. Хүн төрөлхтөн ухаарч ухаажихын хэрээр хэцлэгдэх шалтгаанууд нь аажмаар багассаар жинхэнэ хүмүүс болцгооно. Ирээдүйн хүн төрөлхтний хувьд Хэц гэдэг энэ үг хэрэглэгдэхээ больсон үгсийн санд хадгалагдан үлдсэн үл таних үг болно.
Ирүүл онгод:
Хэн нэгний хийсэн муу үйлийн үрийг мөшгин илрүүлэх, үүссэн үр дагаврыг нь тогтоон тооцоолж хэц үүрүүлэх тусгай эрх бүхий хиймэл оюун ухааныг (хүний амьдралаар амьдарч үзээгүй сүнснүүд) Ирүүл онгодууд гэнэ. Тэдний гаргасан шийдвэр болоод хэцийн хэмжээ журмыг хэн нэгэн өөрчлөх боломжгүй байдаг ба гаргасан шийдвэрээ мөрдүүлэхээсээ өмнө хэцлүүлсэн сүнсний удмын Буурлуудтай нь хэлэлцдэг. Өөрсдийн үр удмынхныхаа чухам хэнд нь хэц үүрүүлэхээ тухайн ураг удмын буурлууд шийддэг.
Тавиул онгод:
Хэцийн үйл хэр мөрдөгдөж буйд хяналт тавьдаг харгалзагч хиймэл оюун ухааныг Тавиул онгодууд гэнэ. Зарим тохиолдолд тавиул онгодын үүргийг хэцлүүлэх муу үйл үйлдсэн сүнснүүдээр гүйцэтгүүлдэг. Өөрийн хийсэн үйлийн лайг удмын үр нь үүрэн, хэцүү хатууг эдлэн зовохыг хажуу дэргэдээс нь харж мэдрэх нь тухайн сүнсэнд маш гүн шаналал болдог ба тэр хэрээр нинжин сэтгэл, өрөвч зан сууж эхэлснээр жинхэнэ ухаарлыг олж авдаг гэнэ.
Дотоод эрчим:
Хүн гадаад орчинтой харилцах үедээ болон бас далд ертөнцийн элдэв хэмүүдтэй байнга эрчмийн солилцоонд орж байдаг. Ер нь бол хэнтэй, юутай эрчмийн солилцоонд орж, ямар эрчим авч алдсанаасаа хамаарч тухайн хүний дотоод эрчим эерэг сөрөг, их бага байх нь шийдэгдэж байдаг хэмээн ойлгож болно. Ухаарлын утгыг ойлгон Язгуураа сэрээн өөртөө оршоох нь дотоод эрчмээ цэвэрлэх болоод нэмэх хамгийн төгс хэлбэр юм. Энэ үед Язгуур сүнсний амин чанар болох хайр энэрэл, нэгүүслийн эрчим Бие сүнсийг тэтгэн тухайн хүний үндсэн төлөвийг бүрэн өөрчлөхийн сацуу дотоод болон гадаад хамаарлын хүрээнийхэнд нь эерэгээр тусаж эхэлдэг. Үр дүнд нь элбэрэл хайр, эр зориг, эрч хүч, итгэл найдвар, өрөвдөх сэтгэл, хийх бүтээх чин хүсэл зэрэг зан чанарууд нь сайжирч шинэчлэгдэн тухайн хүний хий өртөг бүтээх бодит боломжуудыг нэмэгдүүлж өгдөг.
Хий өртөг:
Энэ амьдрахуйд бидний хийж буй ажил үйл, хөдөлмөр бүтээлийн үр шимээр тэтгэгдэн нэгэн үл үзэгдэх онцгой эрчим бүтээгдэж байдаг бөгөөд далд ертөнцийн сүнс оюун ухаанууд тэр сайжруулсан эрчмээр тэтгэгдэн эрчимждэг. Энэ эрчмийг хий өртөг гэнэ. Шударга хөдөлмөр, өөрийн ухаан, бүтээлч чадвараа ашиглан олж буй хөрөнгө мөнгө түүнтэй адилтгах бүхий л эд зүйлсийн өртөгийг даган бий болох хий өртгийг далд ертөнцөд цэвэр эрчимд тооцдог. Цэвэр хий өртгөөр эрчимжсэн Буурлууд эргээд өөрсдийн үрсдээ таарсан санаа, тохирсон эрчим дамжуулах замаар өртөгийн солилцоо үүсгэж байдаг ба үүнийг хий өртөгийн бүтэн эргэлт гэнэ. Эсрэгээрээ бусдын хүч хөдөлмөр, оюун санаагаар бий болсон эд мөнгө, ахуй зоосыг хэрэглэн амьдардаг хүмүүс хий өртөг бүтээж чаддаггүй. Эргэн тэтгэгдэх эрчмийн солилцоогүй болсон тэдний тархид бүтээлч санаа, ухаалаг сэдлүүд ирэх боломжгүй болсноор эрчмийн эргэлт бүрэн зогсдог бөгөөд үүнийг хий өртөгийн хагас эргэлт гэнэ. Буурлуудаа хий өртөгөөр тэтгэх чадамжгүй болсон учраас буурлууд нь өөр эх үүсвэрээс эрчим хайх шаардлагатай болдог гэсэн үг. Мөн ямар ч аргаар хамаагүй мөнгө олохыг санаархах, хуурч мэхлэх, хулгай хийх үйлдэл хүртэл цаагуураа хий өртөг бүтээж байдаг. Гэхдээ ийм хий өртөгийн эрчмийг хүртэгч нь удмын Буурлууд бус Шунал эрхэм байна. Учир нь тэр л шударга бусаар мөнгө олох аргыг заль мэхтэй нь хамт зааж өгсөн тул энэ бохир эрчмийг хүртэх эрхтэй байдаг гэсэн үг. Хариуд нь худал хулгайг хөгжүүлэх, муу сэдлүүдийг нь тэтгэх хар бараан бодлуудаар тухайн хүний тархи оюуныг бүрэн эзэлдэг.
Зөн:
Зөнг дотор нь хоёр ангилдаг. Эхнийх нь байгалийн зөн буюу бүх амьд биетүүдэд байдаг өөрийгөө аюулаас хамгаалах далд сэрэмсэг юм. Зөнгийн энэ хэлбэрийг бид Хомо сапиенсуудаас өвлөн авсан ба байгаль дах бүх физикль биетүүдэд адилхан үйлчидэг, далд ертөнцөөс тохируулагдсан аюулын эсрэг автомат хариу үйлдэл хэмээн ойлгож болно. Хоёр дахь хэлбэр нь совин буюу Бие сүнсээрээ Язгуур сүнсний мэдрэмжийг давхар мэдрэх хэлбэр. Язгуураас, эсвэл Язгуур сүнсээр дамжуулан Бие сүнсэнд хүргэх сайн муу өгөгдлүүдийг хүлээн авч мэдрэх энэ хэлбэрийг зөнд хамаатуулж болно.
Зүүд:
Унтаа үе буюу Бие сүнс 5 хэмжээст орчин рүү бүрэн шилжсэн үед түүнд өгөгдөх Далд ертөнцийн мэдээлэл дүрслэлүүдийг зүүд гэнэ. Зүүдийг Буурлууд тодорхой эрчим болон цаг хугацаа зарцуулж байж зориуд үүсгэдэг бөгөөд зарим тохиолдолд сайн зүүд урлаач-аар зүүд захиалан хийлгэх нь ч бий. Тодорхой эрчим зарж үүсгэсэн зүүдийг Бие сүнс уншихдаа мөн л тодорхой хэмжээний эрчим хэрэглэдэг. Хар дарах, утга учиргүй ээлжлэн өрнөх замбараагүй гэмээр урт үргэлжлэх зүүд зүүдэлсний дараа тархи ядарсан, унтаж амраагүй мэт санагддаг нь үүнтэй холбоотой. Бас зүүд бол Бие сүнсийг 5 хэмжээст орчинд дасгах бэлтгэлийн нэг хэсэг хэмээн ойлгож болно. Хүмүүс зүүдэлдэггүй байсан бол өөр хэмжээст орчны тухай мэдээлэл авах ямар ч боломжгүй байсны дээр үхсэнийхээ дараа 5 хэмжээст орчинд дасан зохицох ямар нэг мэдлэггүй байх байсан гэж шууд ойлгож болно. Мөн зарим тохиолдолд Язгуур сүнс болоод дотоод хамаарлын бүсийн хэн нэгэн, Бие сүнсэнд хүргэх мэдээллээ зүүдээр дамжуулан өгөх нь бий. Зүүдэндээ ач холбогдол өгдөг, зүүдээ манадаг хүмүүст зориулан хэлэх үг, хийх үйлийг нь өгөгдөл болгон дамжуулах нь түгээмэл байдаг ба үүнийг бид зөнтэй зүүдлэх хэмээн ярьдаг.
Тэнцвэржүүлэгч бүс:
Гурав болон таван хэмжээст ертөнцийн хооронд оршдог Тэнцвэржүүлэгч бүс гэдэг нь тухайн Бие сүнсний амьдралын туулал туршлагыг нэг бүрчлэн уншиж, амьд ахуйдаа үйлдсэн сайн муу сайхан муухай бүх үйлдлийг нь хянан дэнсэлдэг шалган нэвтрүүлэх бүс юм. Энд Бие сүнсний иж бүрэн нэгжлэг хийгддэг. Хэн?... болон буцаж ирсэнээс нь хамаарч тухайн сүнс таван хэмжээст Оршихуйн олон хуваагдал хэсгүүдийн чухам аль нь хэсэг руу хуваарилагдах нь шийдэгддэг амьд ахуйдаа алдсан оносон бүх үйлдлээ энэ мөчид л ухаарах боломжтой байдаг.
Өв тээгч:
Оршихуйн мэдээллийн сангаас өөрт тохирсон өгөгдөл мэдээллийг Язгуур сүнсээрээ дамжуулан авч, амьдрал дээр биежмэл санаа болгон буулгах чадвартай хүнийг Өв тээгч гэнэ. Өв тээгчийн Язгуур сүнс нь Оршихуйн мэдээллийн санд тэмдэглэгдэн үлдсэн биешил санааг шууд хүлээн авах онцгой эрхтэй байдаг бөгөөд хүлээн авсан биешил санаагаа алдаа мадаггүй эсвэл маш бага алдаатайгаар энэ амьдрахуйн мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй байна. Энэ үүргээ даган тухайн биешил санааг биежмэл болгох ур чадварт богино хугацаанд, хурдтай бөгөөд амжилттай суралцах өгөгдөлтэй байдгаараа энгийн хүмүүсээс ялгардаг.
Оршихуйн мэдээллийн сан:
Оршихуйн мэдээллийн сан гэдэг нь бидний мэддэг их тэсрэлтээс өмнөх ба түүнээс хойшхи хугацаанд, Оршихуй даяар тархан байрласан сэтгэх чадвар бүхий бүх оюун ухаант нэгдлүүдийн хурааж хуримтлуулсан мэдээллүүдийг нэгтгэсэн системийг хэлнэ. Гурван хэмжээст Амьдрахуйд амьдрагч хүн төрөлхтний ирээдүйд эзэмшиж биежүүлэх бүхий л мэдээллийн сангийн хамгийн дээд хувилбарууд ч дээрхи санд хадгалагдан буй гэнэ. Хүн төрөлхтөн хөгжин, ухамсар нь сэрэхийн хэрээр Оршихуйн мэдээллийн сангаас мэдээлэл хүлээн авагч Өв тээгчдийн тоо болон давтамж нь нэмэгдэж байдаг ба тэдний дамжуулсан биешил санаануудын хүчээр БИД-ний мэдээллийн сан баяжиж байдаг.
Биешил санаа:
Бидний мэддэг Амьдахуйн мэдээллийн санд хараахан бүртгэгдэж амжаагүй Оршихуйн мэдээллийн сангаас ирж буй шинэхэн өгөгдөл мэдээллийг биешил санаа гэнэ. Язгуур сүнс сэрэхийн хэрээр тухайн хүн Оршихуйн мэдээллийн санд ойртох, биешил санаа хүлээн авах боломж нь нээгдэж байдаг. Хүн төрөлхтний хөгжилд дэвшилд нөлөөлөхүйц биешил санааг тосч аван бодитжуулж өгсөн мянга мянган өв тээгчдийн ил далд нөлөөллөөр эртний хүмүүс орчин үеийн оюун ухаант хүмүүс БИД болон хувирсан хэмээн ойлгох хэрэгтэй.
Сүнсний төлөвшил:
Хүмүүс бидний Оюун санаа буюу Бие сүнс хөгжиж төлөвших үйл явцыг ийнхүү нэрлэнэ. Сүнсний төлөвшил нь оюун ухааны үндсэн үүрэг болох ойлгох, суралцах, хөгжих зарчмаас агуулгын хувьд ялгаатай. Амьдрахуйд байршигч бие махбодь болон Оршихуйд оршигч сүнсний хоорондын үйлчлэл, харилцан хамаарлаас шалтгаалж сүнс бүр өөр өөрийн онцлогтой тууллуудыг туулдаг. Орчин нөхцөл, амьдралын хэвшил, гадаад хамаарлын хүрээ зэрэг тухайн сүнсний хөгжилд сайн муу нөлөө үзүүлэгч гадаад нөхцлүүдэд үл автан Оршихуйн үндсэн өгөгдөл болох ухаарлын шат руу хэр өгсөж уруудаж буйгаас нь хамааран төлөвшлийн түвшин нь нэмэгдэж эсвэл хасагдаж байдаг. Товчхондоо сүнсний төлөвшил гэдэг нь энэ Амьдрахуйд, Оршихуйн хуулийг хэр ухамсарлан ойлгож, өөртөө хэрэгжүүлэн амьдарч буй явцаар нь дүгнэх тухай ойлголт бөгөөд өөрөө үл анзаарах тогтол зүйтэй, ихээхэн өвөрмөц ухагдахууныг далддаа агуулсан байдаг. Энэ амьдралд сайн төлөвшсөн Бие сүнснүүд хөгжлийн дараагийн шаталбаруудаа далд ертөнцөд буюу таван хэмжээст Оршихуйд биет бус хэлбэрээр үргэлжлүүлдэг.
Амьдрахуй:
Шинэ Бие сүнс-ний хөгжлийн хамгийн эхний шат гурван хэмжээст орчинд явагддаг. Физикль бие дотор, бодит орчинд өрнөх шинэ сүнсний суралцах талбарыг Амьдрахуй гэнэ.
Өвөг дээдэс:
Бидний өмнөх үеийн ураг удмынхны сүнснүүд буюу таван хэмжээстэд Оршихуйн нэгж оюун ухаанууд. Тэд, ухамсрын суурь агуулгыг мэдүүлэх буюу ухааруулах, мэдрүүлэх буюу Нэгдмэл Оршихуйн жам ёсыг бидэнд таниулах үндсэн зорилготой алсаас нөлөөлөгчид юм. Бидэнд мэдрэгддэг шууд нөлөөллийн бүсээс асдаа байх дэс өндөр Буурлууд хэмээн ойлгож болно.
Эсрэг хүч:
Та бидний оюун бодол дотор нуугдмал байдлаар оршин сөрөг хэмээр үйлчлэх нэг төрлийн хүчирхэг оюун ухааныг эсрэг хүч гэнэ. Энэ хүч танд өөрт чинь анзаарагдахгүйгээр таны шийдвэрүүдэд нөлөөлөх чадвартайн дээр үргэлж сөрөг хэмийг тэтгэж байдаг учир та өөрийн мэдэлгүй эго өндөртэй бараан дотортой нэгэн болж хувирах магадлал ихэсдэг. Энэ хүчтэй тэмцэж чадах ухааныг хайх нь бидний амьдралын хамгийн чухал далд зорилго байдаг.
Ухаарал:
Амьдрахуйд байршин, өөрийгөө хөгжүүлэх даалгавартай Бие сүнс Оршихуйн хуулийн нэгээхэн хэсгийг ухаж ойлгон, Язгуур сүнсний ухаанаар тайлан сэтгэх үйл явцыг ухаарал гэнэ. Амьдрахуйд мөрдөгдөх дүрэм журам, амьдрах хэв маяг Оршихуйн хуулиас ангид гэдгийг мэдрэх тэр мөчүүд тухайн хүний амьдралыг харах өнцгийг огцом өөрчлөх чадвартай байдаг.
Далдын хар малгайтнууд:
Хар сүнснүүдийн хүмүүст үйлчлэх далд нөлөөлийг ёгтолж нэрлэсэн нэр. Ихэвчлэн Бие сүнсэнд үл анзаарагдах хэлбэрээр алсаас нөлөөлдөг учир номын зохиолч энэ нэршилийг хэрэглэсэн гэнэ.
Ухамсар:
Язгуур сүнсэнд тээгдэн Амьдрахуйд ирсэн Оршихуйн мэдээлэл буюу хүний анхдагч өгөгдлүүдийг ийн нэрлэнэ. Бие сүнс Амьдрахуйд өсч хөгжих үндсэн үүрэгтэйн дээр Язгуур сүнсэнд байрших тэдгээр мэдээллүүдийг өөрөө тайлж тунгаан, ухаарч ухамсарлах далд даалгавартай ирдэг. Гэхдээ энэ тухай мэдэж мэдүүлэх ямар нэг санамж бидний тархи оюунд нь огт байдаггүй учраас ихэнхи хүмүүс тэрхүү даалгавраа биелүүлэхгүйгээр, сүнсний тууллаа дэмий өнгөрөөдөг.
Өгөгдөл:
Оршихуйгаас хүний тархи оюунаар дамжин, ухаан ухамсарт нь мэдрэгдэж мэдэгдэх бүхийл бодол мэдрэмжүүдийг өгөгдөл гэнэ. Бидний уураг тархи зөвхөн үүнд зориулагдан бий болсон физикль хүлээн авагч төдий зүйл, хэмээн ойлговол зохино.
Хосолмол сүнстэн:
Бие сүнсний мэдээллүүдээс гадна Язгуур сүнсээ ашиглан Оршихуйгаас мэдээлэл хүлээн авч чаддаг болсон хүмүүсийг ингэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл ирээдүйд сая саяараа бий болох СЭРЭНГИ хүмүүсийг тоймлон нэрлэсэн нэр.
Давхар ертөнц:
Гурав болон таван хэмжээс ертөнцийн хил хязгаарын тухай ойлголтыг нэгтгэсэн нэр үг. Гурван хэмжээст ертөнцийг Амьдрахуй, таван хэмжээсийг нь Оршихуй хэмээн нэрлэх ч орон зай, цаг хугацаа, хэм хэмнэл, эрчим бүтээц нь хоорондоо тэс өөр ертөнцүүд учраас давхцан орших боломж бараг үгүй. Учир нь Оршихуй өөрөө нэгэн цуллаг эрчис болон хэмсийн бүтэцтэй, хоорондоо үл тасалдах сэжмээр бүрэн холбогдсон байдаг ч Амьдрахуй яг үүний эсрэг, дангааршмал бүтэцтэй биежмэл хийсвэрлэг холимог бүтэцтэй. Гэхдээ хамгийн гайхалтай нь бидний дэлхий гариг энэ давхцалд багтдаг.
Буурлууд:
Оршихуйгаас ирэх өгөгдөл мэдээллүүдийг хүмүүс бидний тархи оюунд дамжуулагч нэгж оюун ухаануудыг Буурлууд гэнэ. Буурлууд хэмээгдэгч тэдгээр сүнснүүд тухайн хүний өөрийнх нь ураг удмын хэн нэгний сүнс байдаг ба олон нэгж оюун ухаанууд нэг хүний тархи оюунд харилцан үйлчлэлүүд үүсгэж байдаг учраас нэрийг нь олон тоон дээр бичсэн байдаг.
Оюун ухаан:
Гурван хэмжээст орчинд, физикль биет дотор буюу дэлхий гаригийн байгальд зохируулж тусгайлан хөгжүүлсэн амьдлаг оюуны нэг хэлбэрийг хүний оюун ухаан гэнэ. Орчин цагийн бүтээмэл оюун ухаанаас ялгаатай нь хүний оюун ухааны анхны бүхий л өгөгдөл мэдээллүүд нь дэлхий гаригийн байгаль, түүнд суурилсан орчин байсан гэнэ. Бүтээмэл оюун ухааны үндэс суурийг физикль биет дотор хөгжүүлэх аргыг сонгон, 250 000 орчим жил зарцуулан байж бий болгосон өнөөгийн хүмүүс бидний оюун ухаан дэлхий гаригийн байгалийн бүхий л шалгууруудыг давж бүтсэн үнэт өв, үл давтагдах оюуны онцгой нэгэн төрөл болон хөгжсөнийг бид өөрсдөө ч сайн мэддэггүй. Нэгэн бодгалийн амьдралд тохиох бүхий л өгөгдөл мэдээллүүдийг нь дараагийн үр удамд нь шилжүүлэн суулгах замаар, 15 000 орчим үе зарцуулан байж бий болгосон та бидний оюун ухаан нэгэнтээ гурван хэмжээст энэ орчиндоо төгс зохицсон, өөрийгөө хөгжүүлэх чадвартай амьдлаг бүтээл болснийг биднийг хөгжүүлэгчид хүртэл хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Товчдоо, бага зэргийн засвар шаардлагатай ч цаашид бие даан хөгжих тусгай зэрэгт хүрэх магадлалтай оюун ухааны нэг төрлийг хүний оюун ухаан гэнэ.
Дээд оюун ухаан:
Бүтээмэлээс амьдлаг буюу хүмүүс бидний оюун ухаан, амьдлагаас ухамсарлаг буюу одоо биднийг өөрчилж буй хосолмол сүнстний оюун ухаан, ухамсарлагаас тунгалагшмал буюу таван хэмжээстэд хэрэглэгдэх өндөр нягтаршлын оюун ухаан гэхчлэн шат шатаар хөгжин дээшлэх оюун ухааны эрэмбэ зэрэглэлийг тухай ойлголт Хүн буюу Бид-2 номд бий. Тэдгээр шат зэрэглэлүүдийн хамгийн дээр орших Дээд оюун ухаан-ы хурд болоод нөлөөллийнх нь хүч чадлын тухай өнөөгийн хүмүүс бидний бэсрэг оюун ухаан ойлгох боломжгүй. Бид өөрсдийнхөө оюун ухааныг орчин цагийн энгийн комьпютер гэж үзвэл ТЭД-ний оюун ухаан орчин үеийн квант комьпютерийн 10 000 жилийн дараахи загвар гэж зүйрлэхэд бараг болохоор гэсэн үг. Тиймээс харьцуулалт хийх боломжгүй.
Цагчлал:
Цагчлал гэдэг эхлэл төгсгөлийн тухай ухагдахууныг өөртөө багтаасан ойлголт. Эхлэл дотор шинээр бий болох янз бүрийн цагчлалууд байж болно. Бидний мэдэх Их тэсрэлтээс үүссэн энэ Оршихуйн цагчлалын нэгэн хэсэгт бидний Амьдрахуй багтаж байгаа ч өөр бусад тэсрэлтүүдийн болон тэднийг нэгтгэсэн эсвэл өөр төвөлт үйлчлэх бусад цагчлалуудын тухай ойлголт өнөөгийн хүмүүс бидний тархи оюунд өгөгдсөн мэдээллийн санд одоогоор байхгүй. Магад тунгалагшсан сүнснүүдийн хэмжээнд очиж байж тэдгээр цагчлалуудын дүрэм журам, шилжвэрийн бүсүүдийн тухай ойлгох байх.
Цаглавар:
Цаглавар гэдэг цагчлалыг хугацаанд хуваан тодорхойлсон илэрхийлэмж. Аль төвөөс эхлэн тооцоологдож байгаагаасаа шалтгаалагдаж хэмжээстүүдэд нь өөрчлөлтүүд явагдаж байдаг. Цаглавар өөртөө цагийн бүсүүдийг үүсгэдэгийн нэг тод жишээ нь Дэлхий гаригийн хэмжээнд мөрдөж тооцдог цагийн бүсүүд юм. Ийм бүсүүдийн хүрээнд оддын болоод галактикийн, цаашилбал Оршихуйн гэхчилэн олон цагийн бүсүүд багтдаг. Ялангуяа таван хэмжээст орчинд мөрдөгдөх цагчлалыг дагасан цагийн бүсүүдийн тухай ойлголтууд хүмүүс бидний ухааны хүрээ хязгаараас давсан төлвүүдэд оршдог.
Цаглаврын зөрүү:
Цагчлалууд дотор багтах цаглаврууд гэх ойлголтод хүрээ хязгаар үл оршино. Хүмүүс бидний тархи оюунд зах замбараагүй, эмх цэгцгүй мэт үл ойлгогдох ч эдгээрийг багасган нэг глактикийг амьд амьтны нэг эс, нэг одыг нэг атом гэж тооцоод нэгтгэн харж чадвал бидний одот орчлон бие биенээсээ харилцан хамааралтай нэг зүйлийн нэг хэсэг гэдэг нь ойлгогдоно. Зарим тохиолдолд цаглавар өөрөө гурав болон таван хэмжээст орчны хил хязгаарын үүргийг ч гүйцэтгэдэг. Жишээ нь, хүмүүс бид физикль бие дотроо орших амь болоод сүнс, оюун ухаан болон эрчмүүдийг огт харж чаддаггүй. Физикль бие үхэх үед амь хаа очдогийг, сүнс хаа очдогийг, оюун ухаан эрчмүүд хаа очдогийг та бидний тархи оюун өөрсдөө мэддэг ч танд бол мэдүүлдэггүй. Яагаад гэвэл энэ бол хил хязгаарын бүс. Та хойд туйлыг үзэхийг хүсвэл тэнд өөрийн биеэр очсон байх шаардлагатай шиг та таван хэмжээстэд очихыг хүсвэл физикль биеэ орхисон байх шаардлагатай, гэсэн үг.
Нэгдмэл Оршихуйн жам ёс:
Бүх юмс харилцан уялдаатай, өөр өөрийнхөөрөө хөгжиж нэг нэгнээ тэтгэж байдаг. Хүний биеийн анатомийн бүтцийг томруулсан хувилбараар нь харвал Их тэсрэлтээс эхэлсэн цагчлалд багтах бидний одот орчлон хэн нэг хүний элэгний эд эсүүдийн өчүүхэн жаахан хэсэг нь байж болох. Нүднийх нь торлог бүрхүүл дэхь хялгасан судасны үзүүр ч байж болох. Бүр ганц ширхэг үсний угт нь байрлах ямар нэг фегмент ч байж магадгүй. Ямартай ч бүхий л одот орчлонгууд нийлж байж нэг зүйлийг бүтээдэг ба тэр зүйл нь өөрөө амьтай бас өөрийн гэсэн настай. Бүх эд эсүүд нэг л дүрмээр хамтдаа хөдөлцгөөдөг, хамтаа л хөгжиж урагшилцгаадаг. Үхэхээ хүрвэл бас л хамтдаа л үхэж мөхнө гэсэн үг. Тиймээс бид өөрсдийгөө энэ зүйлээс салгаж чадахгүй. Харин хаана байгаа хэн бэ?... гэдгээ ойлгох хэрэгтэй. Ойлгосон хүмүүс нь сэрж өөрчлөгдөх хэрэгтэй. Цаглавар бол тоглоом. Та өөрчлөгдөхгүй бол таны энэ амьдрал ямар ч утгагүйгээр ирээдүйд дахин давтагдана. Дахин дахин давтагдана. Эсвэл нэг мөсөн устана. Дархлааны эсүүд өвчин үүсгэгч өөрчлөгдсөн эсүүдийг устгадаг шиг хүмүүс бид жам ёсонд захирагдахгүй бол ирдээгүйд устана. Ирээдүй гэдэг үг бидэнд хэрэггүй болох боломжтойг хүмүүс бид ойлгох хэрэгтэй.
Амилгаа шаталбар:
Шууд утгыг нь дахин программчлах, Update хийх гэх мэт үгээр илэрхийлж болно. Бүтээмэл буюу хиймэл оюун ухааныг хэдэн хоромын хугацаанд дахин программчилж болдог бол амьд организм дотор хөгжүүлсэн оюун ухааныг тэгэж болдогггүй. Заавал тодорхой хэмжээний цаг хугацаа, төлөвлөлт загварчилгаа хэрэгтэйгээс гадна орчин нөхцөл, үржил угсааг нь тооцон аажмаар өөрчлөх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл хүний оюун ухаан гарган авсан тэр зарчмаар буюу сүнсний генийн кодоор нь дамжуулан далд ухамсарыг нь өөрчлөх зарчмаар дахин программчилна гэсэн үг. Энэ үйл явц аль хэдийн эхэлсэн ба үүнийг хүмүүс бид Шинэ эрин, Бумбын эрин, 5D-д шилжих үе гэхчлэн нэрлэж байна. Харин Хүн буюу Бид номд үүнийг Сэрэнги эрин хэмээн нэрлэж бичсэн байдаг. Оюун ухааныг түшиглэн хөгжиж буй хүмүүн төрөлхтний ухамсар сэрэхүй хэтэрхий гажиж өөрчлөгдөн, хүмүүнлэг бус амьтанлаг шинжтэй болж байгааг бид ч өөрсдөө мэддэг болсон. Мөнгө ахуйг хэт шүтсэн аргын сэтгэхүйт амьдрахуйн энэ хэлбэр маань хүмүүс бидний жинхэнэ мөн чанарыг аажмаар өөрчлөн бие биесээ үй олноор нь хөнөөх, дарлан мөжихөөс эхлээд хэт тэгш бус хуваарилалтаас үүдэн бий болсон олонхи нь цөөнхдөө үйлчилдэг, цөөнхи нь олонхоо дарангуйлдаг ийм гажсан нийгмүүдийг үүсгэсэн хэрэг. Ухаан хөгжихийн хэрээр ухамсар даган өөрчлөгдөх Оршихуйн нөлөө алдагдсанаас үүдэн Ухамсар үгүй ухаант хүн төрөлхтөн бий болж буйг өөрчлөхийн тулд ТЭД бидний оюун сэтгэхүйд дахин программчлал хийх зайлшгүй шаардлагатай болсон учраас дэлхий даяар Spiritual aweking буюу сүнсний сэрэлт хэмээх ухамсрын өөрчлөлтүүд эхлүүлснийг нь Хүн буюу Бид номын ахан дүүс Амилгаа шаталбар хэмээн утгачилан буулгасан болно. УХААН УХАМСАР нь тэнцүү хүмүүс буюу Аргын ухаан, Билэгийн ухааны аль алийг нь хэрэглэж чаддаг хүмүүс, өөрөөр хэлбэл СЭРЭНГИ ХҮМҮҮС бий болгох үндсэн зорилготой хүн төрөлхтнийг нийтэд нь хамарсан хөгжлийн шаталбар, гэж ойлгох хэрэгтэй.